Яаж ч хичээсэн хэн нэг хурган даргын “тачаалаар” амьдрал шийдэгдээд байвал энэ бол шударга бусын хонгил.
Хөдөөнөөс эмэгтэйчүүд их дээд сургуулийн боловсрол эзэмшихээр хотыг зорьдог. Буцаж очоод эзэмшсэн боловсролынхоо хүрээнд ажил хөдөлмөр эрхлээд амьдрах нөхцөл байдал хэр байдаг юм бол. Хаа хамаагүй хүнд дээрэлхүүлж айж сүрдэж явах гутамшигтай бас гунигтай. Өөрийнхөө нэрийг байг, аймгийнхаа нэрийг хэлэхээс ч айж байгаа энэ эмэгтэйг зориггүй юм гэмээр байвч гэр орныхон, эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг байхгүй үед жижигхэн газар гадуурхагдаж амьдрах ямар байдгийг мэдэхгүй учраас хэлж чадсангүй. Бүсгүйн зөвшөөрлөөр нийтлэв.
ЮУ БОЛСОН БЭ?
Гэтэл бүсгүй нэгэн аймгийн боловсролын газарт бичиг хэргийн ажилтан авах шалгалтад тэнцэн ажлын гараагаа эхэлжээ. Ажлынхаа хажуугаар давхар магистрт сурч төгсөв. Хэсэг хугацааны дараа төрийн албаны шалгалт өгч тэнцэн өөр суманд нийгмийн бодлогын түшмэлээр томилогдон очжээ.
Нэг ч хүн танихгүй сум руу ажиллахаар очтол засаг дарга нь “Чи нэг сар ажилчихаад яв” гэсэн гэнэ.
Түүнийг таатай хүлээж аваагүй ч гэсэн он гартал ажиллаж тангаргаа өргөчихөөд явахаар шийджээ. Энэ хугацаанд түүний үндсэн ажлыг хийлгэхгүй, аар саар ажил хийлгэн, засаг дарга, тамгын газрын дарга элдвээр дарамталж, хурдан тангаргаа өргөчихөөд яв гэж шавдуулсаар.
Тангаргаа өргөсний дараа Гэрэл ажлаа орхин буцаад төрсөн нутагтаа иржээ. Ажлын анкет бөглөөд, ийш тийшээ ажил хайх зуураа талх барих ажил эрхлэв. Магистрын зэрэг горилсон, төрийн албаны тангаргаа өргөчихсөн учраас бичиг баримтаа бүрдүүлээд ажлын орон тоо зарлагдахыг хүлээв.
2014 онд аймгийн Иргэдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тоон дээр тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж Гэрэл бүсгүйг ажилд авчээ.
Тэрбээр охинтойгоо хоёулаа айлын хашаанд жилийн хугацаатайгаар гэр түрээслэн шинэ ажлын гараагаа эхлүүлсэн байна. Энэ үеэр, сумын орлогч дарга “би чамд ажил олж өгсөн, ажилгүй болгож чадна” гэж эрх мэдлээр далайлган дарамталдаг болов. Мессеж бичнэ, залгана, гэрт чинь очно гэх мэтээр сүрдүүлдэг байжээ. Иймэрхүү дарамттайгаар өдөр хоног өнгөрч байтал амралтын өдөр түүнд мэдэгдэлгүйгээр тэргүүлэгчдийн хурал зарлан ямар ч тайлбаргүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна.
“Ажлын байран дахь бэлгийн дарамт (АББД) гэдэг нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдлийг ажлын байр, сургалтын орчинд үйлдэхийг хэлдэг байна”.
“АББД нь хүний эрхийн ноцтой зөрчил билээ. Хүйсийн тэгш эрхийн төвөөс 2017 онд хийгдсэн “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй ажлын байран дахь бэлгийн дарамт, шахалт, хүчирхийллийн төлөв байдал, хандлага” харьцуулсан судалгааны үр дүнгээр 3 эмэгтэй тутмын 1 нь энэхүү дарамтад өртсөн хэн нэгнийг мэддэг гэсэн бол 5 эмэгтэй тутмын 1 нь өөрөө хохирогч болж байсан гэж хариулжээ. Харьцуулсан судалгаагаар, АББД нь 13 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй хэвээр байгааг харуулав”.
Халагдсаныхаа дараагаар, Гэтэл бүсгүй төрийн албаны салбар зөвлөл, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, төрийн албаны төв зөвлөл гэх газруудаар явж гомдол гаргахыг хичээсэн боловч хэн ч хүлээж авсангүй. “Эргээд ажилдаа орлоо ч дарамтлуулсаар халагдана, хайран цаг хугацаа, мөнгө төгрөг, энэ асуудлаа хая”гэх “нөхөрсөг” зөвөлгөөгөөр амаа таглуулжээ.
Арга мухардсан эмэгтэй Ажлын Байрны Бэлгийн Дарамт гэх гомдлоор сумын орлогч даргаа цагдаад өгсөн байна.
“АББД нь албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэг гэдэг боловч энэ гэмт хэргийн хуулийн зохицуулалтыг олон нийтийн 4 хувь нь л мэддэг гэж хариулсан байна. Эцэст нь судалгаагаар АББД-аас урьдчилан сэргийлэх таатай орчин бүрдээгүй, хохирогч гомдлоо шийдвэрлүүлж чаддаггүй, хохирогчид туслалцаа үзүүлэх байгууллага байхгүй, хохирогч хамгаалал нууцлалын асуудал орхигдсон, АББД үзүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоо тодорхойгүй байгаад анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг тодотгожээ. Энэ судалгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад АББД-ыг хориглосон заалтыг оруулах нэгэн чухал нотолгоо болж байгаа ажээ”.
“Ерөнхийдөө АББД гэдэг нь хэнд эрх мэдэл, давуу тал байгаа вэ гэдэгтэй шууд холбоотой эрх мэдлийн харилцаа. АББД-ын нэг том асуудал нь хүний халдашгүй байдлыг үгүйсгэхийн зэрэгцээ эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулдаг. Тэгэхээр хохирогч тал дуугарвал эвгүй байдалд орох, нэр хүндээ алдах, ажлын байраа алдах, мэргэжлийн хувьд ахиж дэвших боломж нь хүртэл байхгүй болдог” хэмээн Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан өнгөрсөн онд gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Төд удалгүй Гэрэл бүсгүйг гэнэт дуудаж баг дээр ажиллах орон тоо гарган тушаал гаргасан тухайгаа хэлжээ. Бүсгүй шууд эсэргүүцэж албан тушаал буурсан ажил хийхгүй гэв. Гэрэл сумын засаг даргатай уулзан орлогч даргын эмэгтэйчүүдтэй орооцолддог асуудал, энэ явдлыг нь хүлээн зөвшөөрөөгүйн төлөө ажлаас халагдсанаа учирлаж тайлбарлав. Засаг дарга энэ асуудлын учрыг олъё гэдэг хариу өгчээ.
“Би тэд нараас аяга хоолны мөнгө гуйгаагүй. Би эзэмшсэн боловсролынхоо хүрээнд ажиллая л гэж гуйсан. Би шалгалтаа өгөөд тэнцсэн, тэргүүлэгч нарын хурлаар хэлэлцүүлээд тэнцэж ажилд орсон” гээд Гэрэл санаа алдав.
Тэр өдөр засаг дарга, засаг даргын орлогч, тамгын газрын дарга, хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга хэмээх сумын удирдах таван хүн хуралдаж ажлын албаны ажилтны орон тоог Гэрэл бүсгүйд тушаалаар гаргаж өгчээ.
“Би өөрөө амьдрахын төлөө ажил хийх ёстой. Ажил хийхийн тулд аливаа асуудал ном журмаараа хэзээ ч шийдэгддэггүй. Манай төрийн албаны хуулинд гажуудал байгаа. Арга хэмжээ авдаг хариуцлагын тогтолцоо сул” хэмээн Гэрэл хэлж байсан юм.
Ажилтай үлдэхийн тулд Гэрэл бүсгүй цагдаагаас өргөдлөө татаж авчээ.
Тэмцэлдсээр байж ажилтай болж сонгууль хүртэл хоёр жил хэл амтай хүүхэн гэсэн жиг жуг яриан дунд ажиллав.
АББД-ыг хууль зөрчсөн үйлдэл гэж үздэг боловч энэ зөрчилтэй тэмцэх бие даасан хууль байхгүй байгаа нь далд хэлбэрээр явагдах шалтгаан болж байгааг АББД-тай тэмцэх ТББ-ын эвслийн гишүүн Н.Чинчулуун онцлов. 2015 онд Эрүүгийн хуулинд АББД нь гэмт хэрэг мөн гэж заасан байсан.
2017 оны шинэчилсэн найруулгаар энэ заалтыг хүчингүй болгосон. Зөрчлийн хуульд ч энэ талаар ямар нэгэн заалт оруулаагүй. Төрийн болон хувийн салбарын ажил олгогчид хуулийг хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй, тэдэнд хариуцлага тооцох зохицуулалт хангалтгүй зэргээс хүний эрхийн ноцтой зөрчлийг гаргасаар үйлдсээр байна.
Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд хориглосон заалт байгаа боловч, хариуцлага тооцох систем, шийтгэл, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Ажил олгогч эздийн холбоо бол хувийн хэвшлийн эздийн нэгдэл юм. Энэ нэгдэл өөрсдийн эрх ашиг, эрх мэдлээ хамгаалахын тулд энэ хуулийн заалтыг дэмждэггүй. Тэдэнд мэдлэг мэдээлэл алга байна, өөрсдийгөө ч хамгаална гэдгээ ойлгохгүй байна гэж Н.Чинчулуун дурдав.
2017 оны 1 сард сонгуулиар шинэ дарга гарч ирэн бүх ажилчдыг сольж Гэрэл бүсгүй ажлаа өгөв. Дараагийн ажлаа олох эрэлд гарав.
Нэгдсэн эмнэлэг дээр хүний нөөц авна гэсэн зараар материалаа бүрдүүлээд өгсөн боловч сонгон шалгаруулалтад ч оруулсангүй. Түүний дараа шүүх дээр шалгалт өгөөд тэнцсэн боловч нөөцөд авлаа гээд таг болсон байна. Шинээр байгуулагдсан төрийн байгууллагын цайны газар хүний нөөцөөр ажилд орохоор болсон боловч ажил жигдэртэл кассан дээр суухаар болов. Гэнэт нэг өдөр таныг ажиллуулах боломжгүй байна гэв. Учир явдлыг асуутал, “Энэ газрын дарга таныг битгий энд ажиллуул гэж надаас олон удаа гуйсан. Бид зайлшгүй харилцаа холбоотой ажилладаг учраас ямар ч арга алга” гэж бүсгүйд хэлжээ. Ингээд 2019 оны эхээр Гэрэл бүсгүй дахин ажилгүй болжээ.
АББД-ыг таслан зогсоох, хориглох, хянах, хариуцлага хүлээлгэх хууль журмуудыг тодорхой болгох, урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрүүдийг тууштай авч хэрэгжүүлэхгүй байгаагаас энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй байдаг. Монголын Эмэгтэйчүүдийн сангаас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмж дээр ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэх, орчноо судлах, эсэргүүцэж тэмцэх, сануулж шаардах, гомдлоо гаргах, харьяалах байгууллагуудад хандах, байгууллагууд дотроо мөрддөг эрх зүйн баримт бичгээ эргэн хянах, сургалт мэдээлэл хийх, олон нийтийн хяналтын хороо зөвлөл ажиллуулах гэх мэт саналууд дэлгэрэнгүй тусгагджээ.
Ажилтай холбогдох бүх орчин, нөхцөлд хүчирхийлэл, дарамтыг арилгах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дугаар Конвенцийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага 2019 онд батлахаар төлөвлөжээ. Монгол улсын зүгээс тус гэрээг хүлээн зөвшөөрч соёрхон батлавал хууль эрх зүйн хүрээнд нэг алхам дээшилнэ гэж Хүний эрх хамгаалагч Болорсайхан зөвлөв.
АСУУЛТ
Орон нутагт эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэхэд янз бүрийн хүндрэлүүд гарсаар байгаа нь юутай холбоотой вэ? Айх айдасгүйгээр ажил хөдөлмөрөө эрхлээд явах амьдралын баталгаа байна уу? Хүний амьдралыг хурууны үзүүрээр шийдэх ийм том эрх мэдлэтэнгүүд хаанаас гараад ирэв? Хэнээс ч юунаас ч айхгүйгээр хүн дээрэлхэж гадуурхаж болж байгаа нь юутай холбоотой вэ?
Тусалж дэмжиж асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой байгууллагууд яагаад нөхөрсөг зөвлөгөөгөөр хүний ам таглаж нийгмийн том асуудлуудыг гацаана вэ? Угаасаа л ийм байдаг юм, ийм тогтолцоотой, ингэж л явж ирсэн, хэрвээ заргалдвал удна, гадуурхагдана, юу ч олж долоохгүй гэх мэт урагшгүй хоосон үгнүүдээр хүмүүсийн зүрхийг үхүүлсээр л байх уу? Яагаад эрх мэдэлтэн өөрт ашигтай хий хоосон үгээр өөрийн хүчээ баталгаажуулсаар, хохирсон нь ч хажуунаас харсан нь ч чимээгүй байна вэ?
Patriarchy!
ЭЦГИЙН ЭРХТ ЁС (PATRIARCHY)
Эцгийн эрхт ёсны тогтолцоо гэдэг нь эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс дээгүүрт тавьдаг, эцгийг овгийн буюу өрхийн тэргүүнд өргөмжилдөг, эмэгтэйчүүдийг голчлон тэдний нөхөн үржихүйн үүрэг, гэр бүл дэх байр сууриар нь тодорхойлдог, төр буюу нийгмийн албадлагын өөр ямар нэгэн тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлдэг, соёл уламжлалаар дэмжигдсэн, эрэгтэйн давамгайлал, эмэгтэйн хараат байдлыг тогтоон хадгалдаг, эрэгтэйчүүдийн дунд эрэмбэлбэл, зиндаачлал тогтоодог тогтолцоог хэлдэг болохыг Монфемнет Үндэсний сүлжээний судалгаан дээр дурджээ.Энэ тогтолцоо нь эрэгтэйчүүдийг нэг талаас өргөмжилнө, нөгөө талаас хүчирхийлэл үйлдэхийг нь өөгшүүлнэ.
Ийм тогтолцоонд өсөж, хүмүүжиж амьдарч байгаа эрэгтэйчүүд цаанаасаа л хүн дээрэлхэх хандлагатай болох нь ч аргагүй.
Шилжилтийн жилүүдэд эцгийн эрхт ёс улам бэхжиж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд ухралт гарч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нийгэм, ажлын байр, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна.
Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар, одоогийн байдлаар Монгол Улсын парламентын нийт 76 гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй гишүүд 26.2 хувьтай байна.
“Намдаа маш их хэмжээний мөнгө хандивлаж байж өрсөлдөх боломжтой байгаа нь бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд л боломж байгааг харуулж байна. Шинжлэх ухаан, нийгмийн ухааны салбарын эмэгтэйчүүдэд сонгуульд орох боломж байхгүй байна. Бизнес хөөсөн, явцуу ашиг сонирхолтой “чанаргүй” эмэгтэйчүүд улс төрд гарахаар эмэгтэйчүүдийн нэр хүндийг нийтээр нь унагааж байна. Бусдын гар хөл болж хуйвалдаанд оролцсон эмэгтэйчүүд нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж чадахгүй байна.” хэмээн Монголын Эмэгтэйчүүдийн сангийн зөвлөгч Н.Чинчулуун шүүмжлэв.
2015 онд дууссан Мянганы хөгжлийн зорилтод байсан “Парламентын нийт гишүүдийн 30 % нь эмэгтэйчүүд байна” гэсэн зорилтоо Монголчууд бид хэрэгжүүлж чадаагүй бөгөөд 2006 онд Сонгуулийн хуульд хийж чадсан 30 хувийн квотыг 2007 оны 12 сард Улсын Их Хурал дээр унагаж байсныг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн В. Удвал онцлон тэмдэглэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2018 оны жилийн эцэст эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 51 хувь байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 14.3 хувиар бага байгаа бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээ 18 хувиар бага байна. Эдийн засгийн идэвхгүй хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна. 2018 оны эцсээр энэ хувь 63.3 хувь болжээ. Хүүхэд харсан шалтгаанаар ажилгүй байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь 14.5 хувь.Удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь 35.9.
Эрэгтэйчүүд өөрсдийн үндсэн сууцаа эзэмшдэг байх тохиолдол эмэгтэйчүүдээс 1.8 дахин их, хөдөө орон нутагт 3 дахин их байгааг ҮСХ мэдээлжээ. ХАА-н газар эзэмшилтээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дөрөв дахин олон байна.
2017 оны Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаагаар 58 хувь нь амьдралынхаа хугацаанд, 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ойр дотны хамтрагч болон бусдын зүгээс үйлдэгдсэн хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн байна. 2017 оны байдлаар жендэрийн тэгш бус байдлаар 62-т жагсаж байна.
ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Эцгийн эрхт ёсыг халахын тулд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, хүчирхийллээс ангид байх эрх чөлөөг баталгаажуулах цогц бодлого арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай.
Ашигласан материал:
“Ажлын байран дахь бэлгийн дарамтлал гэж юу вэ?” 2017 Монголын Эмэгтэйчүүдийн Сан
“АББД-ын эсрэг авах арга хэмжээний талаарх олон нийтийн хандлага” онлайн судалгаа 2016 он АББД-тай Тэмцэх эвсэл
“Охид эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэлгийн дарамтын төлөв байдал, хандлага” харьцуулсан судалгаа
“Түмний хөгжлийн шударга ёс” үнэлгээний тайлан Хүний эрх хөгжил төв 2019
“Ажлын байран дахь бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийг эрэн сурвалжлах нь” Хүйсийн тэгш эрх төв
Ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,тоо судалгаа, баримт, одоо ямар байдалтай явагдаж байгаа, хэнд хандах уу, ямар асуудал байна, яагаад хуулиар зохицуулах хамгаалах урьдчилан сэргийлэх боломжгүй байгаа тухай, хэн яаж энэ бүхнийг гацааж байна, хэнд ямар ашиг сонирхол байна, яагаад энэ асуудал тийм чухал хаана хэнд хохиролтой асуудал болох талаар, хууль эрх зүйн хүрээнд ямар асуудлууд, гарц байгаа талаар Хүний эрхийн хамгаалагч Болорсайханы ярилцлагыг сонирхож үзэж болно.
http://gogo.mn/r/228367?fbclid=IwAR3phiVCUbkTNau0B71oQclKJ_4gkA3g38hk_gdITGyaTegFfxANFcbs1cc